Магдебург хотоос гаралтай эдгээр залуус сүүлийн жилүүдийн хамгийн амжилттай залуу хамтлаг байх. Олон нийтийн анхаарал нэг хамтлаг дээр ингэж төвлөрч байсан тохиолодол тун ховор. Тэд нар ч өөрийн гайхалтай стиль харьцуулашгүй сайхан ая дуугаараа сонсогч олонд гүн гүнзгий, ид шидийн нөлөө үзүүлж чаддаг билээ.
6 жилийн өмнө энэ хамтлагийг ийм их анхаарал татсан хамтлаг болно гэж хэн ч бодоогүй. 10 настай ихэр Билл ба Том Каулитц хоёр өөрсдийн авъяасыг хөгжүүлэх мэргэжлийн сургалтанд хамрагджээ. Одоо 16 настай гоцлол дуучин ба ая зохиогч Билл тэр үед дуугаа зохион дуулж байхад түүний ихэр Том гитар тоглох эрдэмд суралцаж байсан юм.
Түүнээс хойш хоёрхон жилийн дараа 2001 онд өөрийн төрөлх хот болох Магдебургт тоглолт хийж байхдаа басс гитарчин, одоо 18-тай, Георг Листинг болон бөмбөрчин Густав Шефер нартай тааралдаад TOKIO HOTEL хамтлагийг байгуулахаар шийджээ. Хагас жилийн дараа гэхэд л тэд Магдебург хотын орчимд байрлах олон тооны клубуудэд анхны коцертуудаа тоглосон.
2005 оны 9 сард тэдний анхны „Хашгираа"(Schrei) нэртэй альбом Герман, Австрид хэвлэгдэн гарсан. Энэ альбом төд удалгүй Герман болон Австрийн хит парадын эхний жагсаалтанд багтжээ. "Хашгираа"альбомоос өмнө гарсан сингл цомгоос „Үргэлжилсэн бороон дундуур" (Durch den Monsun) нэртэй дуу хит парадын хамгийн доод байрнаас хоромхон зуур нэгдүгээрт бичигдэж хэдэн долоо хоногийн турш тэргүүн байраа хадгалж үлдсэн. Түүнээс хоёр жилийн дараа 2-р сард хөгжмийн зах зээл дээр тэд „483-р өрөө"(Zimmer 483) нэртэй альбом гаргаж мөн ондоо Европын орнуудаар хийсэн том аялан тоглолт дээр хөөрөн догдолсон олон түмэнд энэ альбомоо толилуулжээ.
Олон улсад түгсэн хамтлагийн нэр алдар ар араасаа олон тооны шагнал өргөмжлөлийг дагуулахад хэн ч гайхаагүй. 2005 онд „Pop National"номинацид „BAMBI"хэвлэл мэдээллийн шагналыг, 2006 онд „Шилдэг залуу уран бүтээлч" номинацид „Echo Award"шагналыг хүртэцгээсэн. Өнгөрсөн онд „Шилдэг хамтлаг" номинацид „Comet" шагналыг, „Шилдэг рок хамтлаг" номинацид „Echo" шагналын эзэн болсон. Энэ онд залуус маань „Comet 2008" ёслолын ажиллагаанд „Шилдэг хамтлаг", „Шилдэг клип", „Шилдэг амьд тоглолт" ба „Super-Comet" гэсэн 4 номинацын эзэн болж энэ үдшийн гол баатрууд болцгоосон юм.
Энэ хамтлагийн ер бусын байдал хэзээ ч давтагдашгүй гэдэгт эргэлзэх зүйл огт байхгүй. Ялангуяа тэдний ухаалаг сэтгэл догдлуулам дууны үг, нууцлаг боловч цаг үеэ олсон рок аялгуу нь залуусын хувьд одоо үеийн герман хэл дээрхи хамгийн сэтгэл татам болоод байгаа билээ.
Дуу бичлэгийн студид өндөр ачаалалтай ажиллахдаа Магдебургийн залуус өөрсдийн эрхэм зорилгыг огтхон ч умартаагүй. Тэдний хувьд амьд тоглолт хамгийн чухал хэвээр үлдсэн. Гоцлол дуучин Билл-ийн хэлснээр тэд амьдаар тоглодог хамтлаг бөгөөд амьдаар тоглох нь хамгаас чухал, учир нь:"бүх юм амьд тоглолтоос л тайзан дээр эхэлсэн"гэжэ